Д.ТРАМП: ПХЕНЬЯНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ “ГАНЦХАН Л” АРГА БАЙНА



ВАШИНГТОН. /Ройтерс/. “Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж олон жил хүчин чармайлт гаргасан боловч тусыг эс оллоо. Одоо тус улстай холбоотой асуудлыг шийдвэрлэх “ганцхан л” арга байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп бямба гарагт “Манай улсын үе үеийн төрийн тэргүүн нар, засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж хүчин чармайлт гаргасаар ирсэн ч амжилт олоогүй. Одоо Пхеньянтай холбоотой асуудлыг шийдвэрлэх “ганцхан л” арга байна” гэж “Твиттер” хуудсандаа бичжээ.

Энэ ганцхан арга нь чухам юу болохыг тэрбээр тодорхой хэлээгүй байна. Гэхдээ түүний энэ үг нь АНУ Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэсэн үг байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд АНУ шахалт үзүүлсээр байгаа ч Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаа юм.

Пхеньян саяхан л гэхэд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн билээ.

Америкийн ашиг сонирхол болон холбоотнуудаа хамгаалахын тулд хэрвээ шаардлагатай гэж үзвэл бид Умард Солонгосыг бүрэн устгах болно гэж Д.Трамп өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ анхааруулсан юм. Түүний энэ мэдэгдлийн улмаас тус хоёр улс хоорондын харилцаа улам хурцдаад байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж цагаа бүү дэмий үр” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд хэлж байв.

Ажиглагчдын үзэж буйгаар, Д.Трампын эдгээр мэдэгдэл нь Умард Солонгосыг дарж авахын тулд цэргийн ажиллагаа явуулахаас өөр арга байхгүй гэсэн үг бололтой.


November 16, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.