ЛИНДСИ ГРЭМ: АНУ УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ДАЙН ЗАРЛАХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЧ МАГАДГҮЙ


“Хэрвээ Пхеньян хандлагаа өөрчлөхгүй бол” АНУ Умард Солонгосын эсрэг дайн зарлахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж АНУ-ын Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон сенатч Линдси Грэм анхааруулсныг “Си-Эн-Эн” телевиз уламжлав.

Умард Солонгос орон нутгийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн 03:17 цаг баллистик пуужин харвасан  юм.

Үүнтэй холбогдуулан сенатч Л.Грэм “Си-Эн-Эн” телевизийн сэтгүүлч Вольф Блитцерт ярилцлага өгөхдөө “Дайтах нь зөв сонголт биш хэдий ч Умард Солонгосын өдөөн хатгалгыг зогсоохын тулд бид дайн зарлахаас өөр аргагүйд хүрч магадгүй юм” гэж хэлээд “Умард Солонгосын энэ галзуу нөхөр Америкийн эх газарт цохилт өгөх чадалтай болохыг бид зүгээр хараад сууж чадахгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснийг дурджээ.

В.Блитцер цааш нь ярихдаа “АНУ-ын эх газрыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч Д.Трамп ямар ч арга хэмжээ авахад бэлэн байна. Ерөнхийлөгч Америкийг хамгаалахын тулд хэрвээ шаардлагатай гэж үзвэл Кимийн дэглэмийг устгахад ч бэлэн байна” гэсэн аж.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисын мэдэгдсэнээр, Умард Солонгосын сүүлд харвасан пуужин нь өмнө нь харваж байсан пуужингуудаас ч илүү өндөрт хүрчээ. Тодруулбал, уг пуужин нь 4500 км-ийн өндөрт хүрч, 1000 орчим км зам туулсан байна.

Ж.Маттис мөн “Умард Солонгос үндсэндээ дэлхийн хаана ч цохилт өгөх хүчин чадалтай болоод байна” гэсэн юм.

Эх сурвалж: montsame.mn


November 29, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.