Санхүүгийн салбараа олон тулгууртай болгосноор эдийн засгийг тэлнэ гэв.


Эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо дэлхийн улс орнуудын сайн жишгээс суралцаж үндэсний давуу талаа харуулах ёстой гэдэгт   “Блүүмберг Финанс Форум 2017”-ын төлөөлөгчид төвлөрлөө.

Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжийг тодорхойлох энэхүү чуулга уулзалтыг Блүүмберг Монголиа телевиз Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн чуулганыг нээж хэлэхдээ,” Санхүү бол хүний амьдралын салшгүй хэсэг төдийгүй өдөр бүрийн, алхам тутмын хэрэглээ юм. Тийм  учраас өнөөдөр бидний ярилцах сэдэв аль нэг арилжааны банк ч юм уу, эсвэл хөрөнгийн бирж,  төр, төрийн бус байгууллагад хамаарах асуудал биш ээ. Хүн бүхний, айл өрх бүрийн амин чухал асуудал гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.
Дэлхий дахинд өнөөдөр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн болгонд, нутаг орны өнцөг булан бүрт хүргэх, амьжиргааны түвшинд тохирсон санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгох бодлогыг хэлэлцэж буйгаараа онцлогтой юм. Энэ бодлогын уг язгуур нь баян, ядуугаасаа үл шалтгаалан хүн хэрэглээгээ өөрт тохирсон өртөг зардлаар санхүүжүүлж байх ёстой гэсэн нийтлэг үзэл санаа бий.

Өнөөдөр манай улсын санхүүгийн тогтолцоо банк давамгайлсан бүтэцтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ард иргэдэд санхүүгийн үйлчилгээ хүртэх сонголт хязгаарлагдмал байна гэсэн үг. Ганцхан тулгуур хэр тогтвортой билээ?

Өндөр хөгжилтэй улс орнуудад өнөөдөр зөвхөн банкны зээлд түшиглэж биш хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтээс хямд эх үүсвэрийн санхүүжилт, хөрөнгө мөнгийг босгож байна. Банкнаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд зэрэгцэн хөгжиж хэрэглэгчдэд илүү их боломж, сонголтуудыг олгож буй юм. Хөрөнгө мөнгөө хоршин эргэлдүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлдэг институциуд санхүүгийн гол үйлчлэгч болж хөгжсөн улс орнууд ч байна.
Манай улс ч мөн санхүүгийн салбараа ингэж олон тулгуурт болгон хөгжүүлснээр, санхүүгийн нөөц боломжууд зөв хуваарилагдаж, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал суурь болно” хэмээн онцлов.

Чуулганы төлөөлөгчид эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн орчин сул, мэдээлэл дутмаг байгаа нь зах зээлийг тэлэхгүй байна гэдгийг хэлж байсан юм.

Олон улсын туршлага шийдэл сэдэвт  хэлэлцүүлгийн үеэр  “Хөрөнгийн зах зээлд түлхэц хэрэгтэй байгааг хангалттай ярьдаг атлаа бодит байдал дээр  төрийн зүгээс хөшүүрэг болж чадахгүй  байна. Эдүгэ ширэнгэн ойн тосгоны маягаар  тив дэлхийгээс тасархай санаа олж бодлого болгож,  эдийн засгаа босгосон улс хаана ч байхгүй.  Тиймээс Монгол Улс гадны орнуудын амжилт олсон жишээнээс туршлага судлах хэрэгтэй. Өндөр хөгжсөн  улс орнууд бусдаас суралцаж урагшилсан” хэмээж байв.

Мөн төлөөлөгчид санхүүгийн зах зээл болон зээлийн хүүг  нухацтай хөндөж зөвлөмж гаргах нь чухал гэдэгт саналаа нэгтгэсэн юм.

Улаанбаатарын утаанаас дутахааргүй анхаарал татаж буй сэдэв бол яах  аргагүй зээлийн хүү гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Зээлийн хүү бол эрсдлийн үнэлгээ гэдгийг эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүн мэднэ. Өнөөдөр монголд зээлийн  хүү маш өндөр байгаа. Улмаар зах зээлд хамгийн өндөр хүүтэй  буюу иргэдийг  ихээхэн чирэгдүүлдэг нь ломбард, ББСБ  атлаа хэрэглэгчдэд соёлтой үйлчилгээ үзүүлдэг Арилжааны банкууд илүү ихээр шүүмжлүүлж буйд дүгнэлт хийх цаг болсон гэдгийг чуулганы төлөөлөгчид онцолж байв.

Улмаар зах зээлийн эдийн засаг олон оролцогчтой орлоготой, хуримтлал ихтэй байхаас гадна мэдээлэл нь үнэн зөв байж зах зээл хөгжинө. Санхүүжилтийн эх үүсвэр олон давхар хальсан дотор байна. Үүнийг гаргаж авахын тулд зөв бодлого хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл улс төрийн эрсдэл, макро эдийн засгийн тогтвортой байдал, банкуудын чадавхи, хувийн хэвшлийн чадамж гээд  олон давхар хальс бий. Үүнийг  задалж чадвал бидний хүсээд байгаа үр дүн гарна. Яг одоо эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах нь  чухал байна”  хэмээн Ерөнхий сайдын эдийн зөвлөх Н.Энхбаяр ярив.

Харин Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл,  “Сангийн яам, Монголбанкнаас гаргасан ДНБ-ний тооцоог харахад бодит байдлаас зөрүүтэй байх шиг. Эсвэл эдийн засгийн  төсөөлөл ийм зөрүүтэй байхаар өөрчлөгдөн хувьсаж байна уу? Үнэн зөв судалгаа бизнес эрхлэгчид, иргэдэд бодит  хүлээлтийг авч ирнэ” гэлээ.

Ийнхүү  Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжийг мэргэжилтнүүд эрэлхийллээ


November 29, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.