Moody’s агентлаг Монгол Улсын эдийн засгийн чадавхыг доогуур гэж үнэлэв.


Монгол Улсын зээлжих зэрэглэл “CAA1” буюу “Тогтвортой” байгаа нь эдийн засаг өсөх боломж бололцоо өндөр байгааг илтгэж байна гэж “Moody’s” агентлаг мэдэгдлээ. Нөгөө талаас эдийн засгийн төрөлжилт тааруу байгаа учраас түүхий эдийн ханшийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байгааг онцолжээ. Үүний нөлөөгөөр өнгөрсөн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон төсвийн орлого тогтворгүй байсан юм. “Moody’s”-ийн жилийн тайланд дурдсанаар” Монгол Улсын эдийн засгийн чадавх”-ыг “доогуур”, “институтийн болон төсвийн чадавх”-ыг “маш доогуур”, “сөрөг өөрчлөлт буюу эрсдэлд өртөмтгий байдал”-ыг “өндөр” гэж үнэлжээ. Үүнээс өмнө “Fitch” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Эерэг” болгон ахиулсан юм. Мөн дотоодын банкны системийн 2018 оны төлөвийг “сөрөг”-өөс “Тогтвортой” болгож үнэлгээгээ шинэчлээд байгаа юм. “Moody’s” агентлагийн тооцоолж байгаагаар энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 4.2 хувьд хүрэх бол ирэх оноос эдийн засаг 4.3 хувиар өсөх төлөвтэй байна.

Харин “Fitch” агентлагийн тооцоогоор эдийн засаг ирэх онд 4.5 өсөх төлөвтэй байгаа юм. Түүхий эдийн үнэ ханш өссөний нөлөөгөөр Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд тавьсан төсвийн болон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаарх ойрын хугацаанд зорилтууд биелжээ. Мөн “Гэрэгэ” бондыг гаргаснаар санхүүжилттэй холбоотой эрсдэлийг бууруулаад байна. Хэдий тийм боловч валютын нөөц буурахад нөлөөлөх дарамт байсаар байвал зээлжих зэрэглэлийг бууруулах чиглэлд шийдвэр гарч магадгүйг “Moody’s” анхаарууллаа. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас хангалттай санхүүжилт авч чадахгүй бол ийм эрсдэл үүсэх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


November 30, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.