Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ


УИХ-аар энэ долоо хоногт банк санхүүгийн салбартай холбоотой гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Эдгээрээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш жилийн дараа анхны хэлэлцүүлгийг нь хийх гэж байна. Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Гадаадын банкинд гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авахыг зөвшөөрнө. Мөн СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, даатгалын зуучлал болон андеррайтерын зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Эдгээрээс бусад үйл ажиллагаа, тэр дундаа иргэдээс хадгаламж татахыг хориглохоор хуулийн төсөлд тусгажээ.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа Банкны тухай хуулийн төслийн дагалдах хуулийн төсөлд банкны зээлийн хүүгийн хязгаарыг Төв банк тогтоох тухай заалт оруулсан. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү буурна гэж үзэж байна. Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 13, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.