MМС -гийн зээлжих зэрэглэлийг өсгөжээ


Олон улсын үнэлгээний S&P фирм Mongolian Mining Corporation (ММС) буюу Энержи Ресурс компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “D”-гээс “В-“ болгон өсгөж, ”Тогтвортой” гэх үнэлгээ өглөө. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагааны ба санхүүгийн нөхцөл байдлыг өөдрөгөөр дүгнэсэн байна.

S&P фирмийн дүгнэлтэнд бичихдээ

“Бид ММС компанийн үйл ажиллагаа ба хөрөнгийн бүтцэд үнэлгээ хийж үзлээ. Коксжих нүүрсний үнэ ойрын 12 сард тогтвортой байх төлөвтэй бөгөөд өнөөгийн нөхцөлд ММС нь мөнгөн урсгалаа дотоод нөөц бололцоогоороо бүрэн хангаж, хөрвөх чадвараа хадгална гэж дүгнэж байна” гэжээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл “В-/ В“-тай байгаа. Компанийн зээлжих зэрэглэлийг тухайн улсынх нь зээлжих зэрэглэлээс давуулж гаргадаггүй, зайлшгүй уялдуулдаг учир ММС-гийн үнэлгээг “В-“ гэж өгснийг дүгнэлтэнд мөн дурдсан байна.

Энержи Ресурс нь өнгөрсөн жил зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай хийж дуусгаад байгаа юм.

Эх сурвалж: www.standardandpoors.com


December 13, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.