ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25 ХУВИАР ӨСГӨЖ, 1.5 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ


Холбооны нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурав дахь удаагаа өсгөх шийдвэр гаргалаа. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 1.5 хувьд хүргэсэн байна. Мөн эдийн засгийнхаа ирэх оны өсөлтийн таамгийг нэмэгдүүлжээ. 2018, 2019 онуудад бодлогын хүүгээ дахин гурван удаа нэмэгдүүлэх төлөв гарсан байна. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен Төв банкны шийдвэрийн дараах Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд шинэ ажлын байр бий болох замаар эдийн засгаа дэмжсээр байх болно. Цалингийн түвшин нэмэгдсээр байна” гэдэгт бодлогын зөвлөл санал нэгдсэнийг онцолжээ. Тэрбээр ээлжит хэвлэлийн бага хурлаа ийнхүү сүүлийн удаа хийж байгаа аж. Ажил үүргийг нь хүлээж авахаар нэр дэвшсэн Жером Пауэлл ч мөн Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг цаашид алгуур өсгөхийг дэмжсээр ирснийг Жанет Йеллен хэлсэн юм. АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Йеллен “АНУ-ын Төв банкны Нээлттэй зах зээлийн хороо бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэгдүүлж, 1.25-1.5 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Эдийн засгийн өсөлт I улиралд саарсан ч II, III улиралд 3.25 хувьд хүрсэн эерэг үзүүлэлттэй гарсан. Өрхийн зарцуулалт тогтвортой түвшинд нэмэгдсээр байна. Бизнесийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн, гаднын орнуудад эдийн засаг таатай нөхцөлд байгаа нь экспортод эерэгээр нөлөөлж байна. АНУ-ын эдийн засаг тогтвортой өссөөр байна. Татварын бодлого ирэх жилүүдэд эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой түвшинд дэмжинэ гэж харж байгаа. Гэхдээ татварын бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхой бус хэвээр байна” гэж мэдэгдлээ.

АНУ-ын Төв банкны тэргүүн өмнө нь хийсэн мэдэгдэлдээ “Хөдөлмөрийн зах зээл цаашид тэлсээр байх болно” гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж байсан юм. Харин энэ удаад мөнгөний бодлогоор дамжуулж хөдөлмөрийн зах зээлийг бат бөх суурьтай хэвээр байна гэж үзсэн байна. Энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн өсөлт саарч магадгүйг илтгэж байна гэж шинжээчид дүгнэжээ. Үүний дараа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан, “Bloomberg Dollar Spot Index” унасан байна. Мөн хамгийн дээд түвшинд идэвхтэй арилжаа хийж байсан компаниудынх нь хувьцааны ханшид огцом өөрчлөлт орж буурсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 14, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.