Европын Төв банк түүхэн доод түвшинд байгаа бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ


“Европын Төв банк 2020 он болсон ч инфляцын зорилтдоо хүрч чадахгүй” гэж тус банкны тэргүүн Марио Драги мэдэгдлээ. Энэ нь Евро бүсийн эдийн засгийг сэргээх бодлого үр дүнгээ өгөх нөхцөл хараахан бүрдээгүйг илтгэж байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Европын Төв банк энэ оны хамгийн сүүлийн хурлаараа бүсийн эдийн засаг ирэх гурван жил үргэлжлүүлэн тэлэх ч хэрэглээний үнийн үзүүлэлт төдийлөн өсөхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Европын инфляц 2020 онд дунджаар 1.7 хувьтай байх төлөвтэй байна. Энэ нь Төв банкны хоёр хувийн зорилтот түвшнээс доогуур дүн болж байгаа юм. Евро бүсийн эдийн засаг 18 улирал дараалж өссөн үзүүлэлттэй гараад байгаа юм. Хэдийгээр Төв банк эдийн засгийн өсөлтийн таамгаа нэмэгдүүлсэн ч олон улсаас нөхцөл байдлаас шалтгаалсан, гадаад хүчин зүйлстэй холбоотой эрсдэлүүд байгааг Марио Драги онцолсон юм. Марио Драги “Европын Төв банк энэ удаагийн хурлаар инфляцыг хоёр хувийн зорилтот түвшинд ойртуулах, улмаар санхүүгийн таатай нөхцөлийг хангах зорилгоор шийдвэрээ гаргалаа. Евро бүсийн эдийн засгийг харахад цаашид тогтвортой өсөх төлөв гарсан. Төв банкны эдийн засгийг сэргээх хөтөлбөр инфляцыг зорилтот түвшинд хүргэх нөхцөлийг хангана гэсэн эерэг дүр зураг гарч байна. Евро бүсэд үнийн өсөлт төдийлөн өндөр байхгүй, гэхдээ Төв банкны бодлогын дэмжлэгтэйгээр дунд хугацаанд үнийн өсөлт хангагдана гэж тооцоолж байна. Түүнчлэн аравдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу бонд худалдаж авах хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байна гэж шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд худалдаж авах бондын хэмжээ, хөрөнгө оруулалтад болон бодлогын хүүд өөрчлөлт ороогүй” гэж мэдэгдлээ.

Европын Төв банк энэ удаагийн хурлаар түүхэн доод түвшинд байгаа бодлогын хүүг хэвээр үлдээж, мөнгөний тэлэх бодлогодоо өөрчлөлт оруулсангүй. Мөн, бонд худалдан авах хөтөлбөрөө ирэх есдүгээр сар хүртэл хэрэгжүүлэхээ дахин илэрхийлжээ. Олон улсад төв банкнууд мөнгөний бодлогоо хатууруулж байгаа энэ үед Европын Төв банк хянуур, болгоомжилсон байр суурьтай байгааг ажиглагчид онцолж байна. Үүнээс өмнө Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурав дахь удаагаа өсгөсөн юм. БНХАУ-ын Төв банк зээлийн өртгийг нэмэгдүүлэх гэнэтийн шийдвэр гаргасны дээр Норвегийн Төв банк тооцоолж байсан хугацаанаасаа өмнө бодлогын хүүгээ нэмэгдүүлж магадгүй байна. Харин Английн Төв банк өнгөрсөн сард сүүлийн 10 жилд анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Швейцарын Төв банкны хувьд инфляц нь 2020 онд зорилтот түвшнээс нь давна гэж таамаглаж байна. Хэдий тийм боловч бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд яаравчлахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 15, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.