RIO TINTO: “PILBARA”-ИЙН УУРХАЙД АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИН АШИГЛАЖ БАЙНА


Оюутолгойн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани зардлаа танах бодлогынхоо хүрээнд Австралийн Pilbara уурхайд ашиглах автомат жолоодлоготой хүнд даацын машинуудынхаа тоог нэмэхээр төлөвлөж байна. Энэ дагуу “Komatsu”, “Caterpillar” компаниудтай гэрээ байгуулж, хүнд даацын автомат жолоодлогын технологийг нэвтрүүлсэн машинуудыг нэмж авахаар боллоо. “Rio Tinto” 2019 оны эцэс гэхэд Pilbara уурхайд 400 орчим машиныг ийм төрлийн автомат технологийн жолоодлоготой болгохоор төлөвлөсөн. Жолоочоос илүү төвийн нэгдсэн системээр удирдах боломжтой ийм төрлийн машин нэмэлтээр 1000 цаг ажиллаж, тээврийн зардлыг нь өнгөрсөн онд 15 хувиар бууруулсан талаар компани мэдээлсэн. “Rio Tinto”ийн хувьд 2017-2021 онд ашигт ажиллагаагаа сайжруулах замаар таван тэрбум ам.долларын нэмэлт бэлэн мөнгөний урсгалыг бий болгохоор зорьж байгаа юм. Ингэхийн тулд шилдэг туршлага, ханган нийлүүлэгчидтэй хийж байгаа түншлэл, дата болон технологи, автоматжуулалт гэсэн үндсэн дөрвөн түвшинд бүтээмжээ сайжруулахаар төлөвлөсөн. Ямартай ч компанийн хувьд, 2013 оноос зардлаа танаж эхэлснээсээ хойш 8.2 тэрбум долларын хэмнэлт хийгээд байгаа юм. Хувьцааны ханшийн тухайд 2017 онд Австралийн хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцаа 20 орчим хувиар өссөн. Хамгийн сүүлд 71 орчим австрали доллар болоод байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 19, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.