МОНГОЛ УЛСЫН ДНБ ИРЭХ ОНД 5.1 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ “BLOOMBERG”-ИЙН ЭДИЙН ЗАСАГЧИД ҮЗЭВ


“Bloomberg”-ийн эдийн засaгчдын үзэж байгаагаар 2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дээд тал нь найман хувьд хүрч магадгүй байна. Эдийн засагчдын ирүүлсэн хариултын дунджийг авч үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх онд дунджаар 5.1 хувиар өсөх хүлээлттэй байгаа аж. Үүнээс өмнө гаргасан олон улсын байгууллагуудын тооцоо, таамгийг авч үзвэл эдийн засгийн өсөлт ирэх онд энэ оныхоос илүү эрчимжих төлөвтэй байгаа юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар гадаад валютын ханш төдийлөн өсөхгүй байж магадгүй байна. Үүнд олон хүчин зүйлийг дурдаж болохоор байгаа юм. Тухайлбал, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд 79 сая ам.долларын санхүүжилт батлагдсан, ирэх онд нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт Монгол Улсад орж ирэх хүлээлттэй байна. Иймд Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг бүрэн ашиглах боломж нээлттэй байгаа юм. Мөн томоохон төслүүдээ хөдөлгөх боломж их байгааг эдийн засагчид онцолж байна. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого эдийн засгийн өсөлтийг дэмжих хүчин зүйлийн тоонд орж байгаа аж. 2018 онд төсвийн алдагдал 2.4 орчим их наяд төгрөг байхаар төсөв баталсан бөгөөд энэхүү алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх нь Засгийн газрын гол сорилтуудын нэг болж байгаа нь гол эрсдэлүүдийн нэг гэж эдийн засагчид харж байна.

Томоохон төслүүдээ хэрэгжүүлэхгүй хугацаа алдах, улс төрийн нөхцөл байдал, инфляц зэрэг нь мөн гол эрсдэлүүдийн нэгд тооцогдож байгаа ажээ. Монгол Улсын түүхий эдийн экспортоос хамааралтай байдал өндөр хэвээр байгаа учраас гадаад шок, гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий байдал нь зээлжих зэрэглэлд нөлөөлж байгааг “Fitch” агентлаг мэдээлсэн юм. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, валютын орох урсгал нэмэгдсэнээр Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэх улс төрийн эрмэлзэл буурах эрсдэлтэй гэж “Fitch” агентлаг үзэж байна. Тиймээс эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах нь анхаарах ёстой эрсдэлүүдийн тоонд орж байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 20, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.