АНУ-ЫН КОНГРЕСС КОМПАНИУДЫН ТАТВАР 35 ХУВЬ БАЙСНЫГ 21 ХУВЬ БОЛГОХЫГ ДЭМЖИВ


АНУ-д татвар бууруулах тухай хууль ирэх оноос хэрэгжиж магадгүй байна. Тус улсын татварын шинэчлэл Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алиных нь дэмжлэгийг авлаа. Сенат болон Төлөөлөгчдийн танхимын баталсан татварын шинэчлэлийн хуулийн төсөлд компаниудын орлогын албан татварыг 35 хувь байсныг 21 хувь, өндөр орлоготой иргэдийн орлогын татварыг 39.6 хувь байсныг 37 хувь болгож бууруулах тухай заасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп компаниудын орлогын татварыг өмнө нь 20 хувь, есдүгээр сард бүр 15 хувь болгож бууруулна гэж мэдэгдэж байсан юм. Ийнхүү тэрбээр ажил үүргээ хүлээн авснаас хойш хууль, эрх зүйн хүрээнд томоохон шинэчлэл хийж, амлалтаа биелүүлэх боломжтой болоод байна. Энэ долоо хоногтоо багтааж тэрбээр гарын үсэг зурж, баталгаажуулна гэж харж байна. Дональд Трамп “АНУ-д татвар бууруулах тухай хуулийн төсөл дээр хууль тогтоогчид олон жил, олон жилийн турш ажилласан. Би тэдгээр хууль тогтоогчдод бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлье. Маш, маш онцгой хүмүүс та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа” гэж мэдэгдлээ.

Дональд Трампын санаачилсан татвар бууруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд хамгийн их шүүмжилж байгаа юм. Тухайлбал, шинэчлэлийн хуулийн төслийг Сенат болон Төлөөлөгчдийн танхимаас Ардчилсан намын нэг ч гишүүн дэмжээгүй аж. Тэд энэхүү шинэчлэл АНУ-ын Засгийн газрын өрийг ирэх 10 жилд багадаа нэг их наяд ам.доллараар нэмэгдүүлнэ гэж шүүмжилж байна. АНУ-ын иргэд ч таатай хүлээж авахгүй байгааг олон нийтийн санал асуулгаас харж болохоор байгаа аж. Дээрх хуулийн төсөл нь АНУ-ын бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалтыг бууруулж, дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Харин татвар бууруулах тухай энэхүү хуулийн төслийг боловсруулсан Бүгд Найрамдах намын гишүүд “Энэ шинэчлэл АНУ-ын энгийн иргэдэд үр ашгаа өгнө” гэжээ.

Үүнээс гадна сүүлийн 30 жилд анх удаа хийгдэх гэж байгаа энэ татварын шинэчлэлд ирэх 10 жилд засвар оруулах шаардлагатай болно гэж “AP”-ийн шинжээчид үзжээ. “АР”-ийн шинжээч Жош Боак “АНУ-ын татварын шинэчлэлээр татвар өснө гэж америкчуудын олонх нь хүлээн авч байгаа. Тиймээс олон нийтийн санал асуулгад тааруу үнэлгээ авч байгаа юм. Энэ шинэчлэлээр ирэх хоёр жилд, америкчуудын төлөх татварын хэмжээ буурна. Гэхдээ чинээлэг иргэдэд ашигтай, компаниуд үргэлжийн мөнх бага татвар төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн татвар бууруулах тухай хуулийн төсөлд хууль тогтоогчид өөрчлөлт оруулсаар байх болно. Зарим заалтуудынх нь хэрэгжих хугацаа дуусна, зарим засваруудыг хийх шаардлагатай болно. Тиймээс энэ хуулийн төсөл ингээд эцэслэгдчихсэн гэж ойлгож болохгүй” гэж онцоллоо.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 21, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.