ҮСХ: I-XI САРД АЛТНЫ ЭКСПОРТ 540.7 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЛОО


Оны эхний 11 сард экспортод гаргасан алтны хэмжээ 540.7 сая ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс зургаа орчим хувиар буурсан дүн юм. Монголбанкны хувьд 11 дүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс 19.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өндөр дүн болжээ. Энэ оны хувьд, алт тушаалт наймдугаар сард хамгийн их буюу 3.2 тонн хүрч байсан. Монголбанк жилийн эцэст нийт дүнгээрээ 20 тонн алт худалдан авахаар зорьж буй. Үүнээс гадна Монголбанкинд аж ахуйн нэгжүүдээс илүү иргэд алт тушааж байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Төв банк алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон. Хамгийн сүүлд буюу 12 дугаар сарын 20-ны байдлаар нэг грамм алтыг 98 мянга 393 төгрөгөөр худалдан авч байгаа талаар Монголбанк мэдээлсэн юм. Алт тушаалтыг нэмэгдүүлэх “Алт 2” хөтөлбөрийг зарласантай холбоотойгоор бичил уурхайгаар алт олборлож байгаа алтны нийлүүлэлтийн сүлжээг ил болгох, орон нутагт алт худалдан авах боломжийг судлах зорилт тавьсан талаар Швейцарийн хөгжлийн агентлаг мөн онцолсон. Одоогоор Монголд 60 мянга гаруй бичил уурхайчин байгаагийн дийлэнх нь алтны уурхайд ажиллаж байгааг салбарынхан мэдээлсэн юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 21, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.