BLOOMBERG: 2018 ОНД ДУЛААНЫ БОЛОН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ УНАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


“Bloomberg”-ийн шинжээчдийн судалгаагаар ирэх онд дулааны болон коксжих нүүрсний ханш унах төлөвтэй байна. Энэ онд БНХАУ-ын Засгийн газар дотоодын олборлолтоо танах бодлого баримталснаар ханшийг өргөөд байсан юм. Харин ирэх оноос БНХАУ-ын тал таваарын ханшийг 10 хувиар буулгах хөтөлбөрөө үргэлжлүүлснээр дулааны нүүрсний үнэ буурна гэж тааварлаж байна. “Bloomberg Intelligence”-ийн таамгаар дулааны нүүрсний ханш 65-75 ам.долларт хэлбэлзэх хүлээлттэй байгаа юм. Техникийн шинэчлэл хийснээр БНХАУ-ын тэргүүлэх 10 олборлогчийн хүчин чадал ирэх онд 5.7 хувиар өсөж, 1.32 тэрбум тонн хүрэх төлөвтэй байна. Эдгээр уурхай нь БНХАУ-ын хэрэгцээний 40 гаруй хувийг хангадаг. Ингэснээр БНХАУ-ын олборлогчдын дулааны нүүрсний нийлүүлэлт 2.8 хувиар өснө гэх тооцоог танилцуулаад байна. Ийнхүү тус улсын дотоодын гарц өсөхтэй зэрэгцээд эдийн засгийн өсөлт удааширч, эрэлт буурах эрсдэл өндөр байгаа аж.

Мөн усан цахилгаан станцын хүчин чадал нь энэ оноос өсөх төлөвтэй байна. БНХАУ-ын нүүрсний хэрэглээний 60 хувь нь эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагддаг, тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил нүүрсний зах зээлд хүндээр тусна гэж тооцож байгаа аж. Ийнхүү нүүрсний эрэлт буурах төлөвтэй байгаа нь Монгол, Индонез, Австралийн борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэдэгтэй шинжээчид санал нэг байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 21, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.