КОМПАНИУД “ТАВАНТОЛГОЙ”-ООС НҮҮРСЭЭ АЧИЖ ЭХЭЛЛЭЭ


Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд энэ пүрэв гарагааас нүүрсээ ачиж эхэллээ. Гашуунсухайт боомтын орчимд үүссэн нүүрсний тээврийн урт дараалал бүрэн арилсан гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх зам 240 км урт үргэлжилдэг. Харин Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг цөөрүүлсний дараа буюу наймдугаар сарын сүүлчээр ачаалал хамгийн их буюу 171 км урт цуваа үүсээд байсан юм. Одоогоор Гашуунсухайт боомтоор нэг машиныг 15-20 секундэд нэвтрүүлж байгаа аж. Мөн Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэхэд компаниудын ачилтын зардал нэмэгдэж байна. “Ойролцоогоор нэг тонн нүүрс тутамд 2-3 ам.долларын нэмэлт зардал гарах тооцоо байна” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. “Тавантолгой”-ийн гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт 8.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс 5.3 сая тонныг нь Зүүн Цанхиас, 3.1 сая тонныг Баруун Цанхиас экспортолжээ. Олборлолт нь 2017 онд нийт 10 сая тоннд хүрээд байна.

“Эрдэнэс Тавантолгой”-ийн хувьд Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг “Chalco”-д нийлүүлж байгаа аж. Одоогоор үнээ шинэчилж чадаагүй, тонн тутмыг нь 59.3 ам.доллараар борлуулж байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 12 дугаар сарын байдлаар нийт 3.9 сая тонн нүүрс экспортолжээ. Тонн нүүрсийг 61 ам.доллараар борлуулж байгаа талаар тус компаниас мэдээллээ. “Энержи Ресурс” ХХК-ийн хувьд угааж боловсруулсан нүүрснийх нь тонн тутмын хилийн үнэ 150 ам.доллар байна. Тус компани энэ оны эхний гурван улиралд нийт 2.8 сая тонн угаасан нүүрс борлуулсан талаар санхүүгийн тайландаа дурджээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 22, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.