ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ


Японы Төв банк богино хугацаат бодлогын хүүгээ -0.1 хувь, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын хүүг 0.0 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Тус банк оны сүүлийн хурлаараа инфляцыг зорилтот хоёр түвшинд хүргэхийн тулд мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэхэд санал нэгдсэн байна. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан шийдвэр юм. Японы эдийн засаг тогтвортой өсөж байгаа аж. Инфляцын түвшин зорилтот түвшнээс доогуур байгаа ч өсөлтийн бүсэд байна. Тиймээс тус улсын Төв банк Холбооны Нөөцийн банк, Европын Төв банкнуудын адилаар мөнгөний бодлогоо чангатгах гэж яаравчлах шаардлагагүй. Хэдий тийм боловч ирэх оноос мөнгөний бодлогоо чангатгах таамаг давамгай байгааг шинжээчид онцолж байна. Японы эдийн засаг одоогоор сүүлийн 20 жилд хамгийн урт хугацаагаар тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус улсын эдийн засаг III улиралд 2.5 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ томоохон үйлдвэрлэгчдийн эдийн засагтаа итгэх итгэл нь дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд түвшиндээ хүрээд байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 22, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.