БНХАУ ИРЭХ ОНД МӨНГӨНИЙ ТЭНЦВЭРТ БОДЛОГО БАРИМТАЛНА


БНХАУ-ын эрх баригчид жил бүр зохион байгуулдаг эдийн засгийн бодлогоо тодорхойлох хаалттай хурлаа өндөрлөж, ирэх онд мөнгөний тэнцвэрт бодлого баримтална гэдгээ онцоллоо. Мөн бүтцийн шинэчлэлээ өргөжүүлж, улсынхаа санхүүгийн системд учирч байгаа эрсдэлүүдийг бууруулах чиглэлд арга хэмжээгээ эрчимжүүлэхээр болсон байна. БНХАУ-ын Эдийн засгийн төв зөвлөлийн бага хурлын төгсгөлд бодлого тодорхойлогчид 2018 онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд барихаар төлөвлөснийг “Xinhua” агентлаг мэдээллээ. Ийнхүү нийлүүлэлтэд суурилсан бүтцийн шинэчлэлээ эрчимжүүлж, тогтвортой мөнгөний бодлого баримталснаар эдийн засгийн өсөлтийн чанарыг сайжруулна гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа аж. Дээрх бага хурлын төгсгөлд гаргасан баримт бичигт “БНХАУ-ын эдийн засгийн хөгжил шинэ эрин үед хөл тавиад байна. Үүний зэрэгцээ эдийн засаг өндөр хурдтай өсөлтөөс чанартай өсөлтөд шилжиж байна” гэдгийг дурджээ.

БНХАУ-ын эдийн засаг оны эхний есөн сард жилийн дүнгээр 6.9 хувиар өссөн нь Засгийн газрынх нь зорилтоос өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үүнд экспорт өссөн, Засгийн газрын зарцуулалтыг тогтвортой түвшинд барьсан, мөн өрийн хэмжээг бууруулах чиглэлд арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


December 25, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.