Японы инфляци 0.9 хувьтай байна


Японы инфляц 11 дүгээр сард 0.9 хувьтай гарлаа. Хэрэглээний үнэ өсөлтөө тасралтгүй хадгалсаар байгаа ч Төв банкны зорилтот түвшний талд ч хүрэхгүй тааруу үзүүлэлттэй хэвээр байгаа юм. Шинзо Абэ улс оронд нь нүүрлээд байгаа дефляцийн эрсдэлийг арилгахаар шинэчлэлийн бодлого эхлүүлээд таван жилийн нүүр үзэж байна. Хэдий тийм боловч энэ хугацаанд инфляцаас бусад үзүүлэлт сайжирсан гэж хэлж болохоор байгаа ажээ. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлийг онцолж болохоор байна. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин 11 дүгээр сард 2.7 хувьд хүрч буурснаас гадна ажилд орох хүсэлт гаргагчдын харьцаа 1.56 нэгжтэй тэнцэж байгаа нь 1970-аад оны дунд үеэс хойших дээд цэгт хүрсэн үзүүлэлт болжээ. Тус улсын Төв банк сүүлд хийсэн хоёр уулзалтаараа бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм. Энэ мягмар гарагт Японы Төв банк аравдугаар сард хийсэн хурлын тэмдэглэлээ танилцууллаа. Тэмдэглэлд дурдсанаар инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд мөнгөний зөөлөн бодлого баримтлах нь санхүүгийн зохицуулалтад сөргөөр нөлөөлж, тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй болохыг Японы Төв банкны зарим гишүүд анхааруулжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


December 26, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.