“Jiangxi Copper” Жанши муж дахь үйлдвэрлэлээ зогсоолоо


Зэс үйлдвэрлэлээр БНХАУ-д тэргүүлэгч “Jiangxi Copper” компани Жанши муж дахь үйлдвэрлэлээ бүрэн зогсоолоо. Мужийн захиргаа агаарын бохирдолтой тэмцэх зорилтын хүрээнд багадаа долоо хоног үйлдвэрлэлээ зогсоох хүсэлтийг тус компанид гаргажээ. Жилд 1.02 сая метр тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай “Jiangxi Copper” алдагдлаа багасгах үүднээс зөвхөн хайлуулах үйлдвэрээ зогсоож, боловсруулах үйлдвэрээ ажиллуулж байхаар Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ эхлүүлээд байна. БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд хойд хэсгийн 28 хотод үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого барьж байгаа юм. Үүнээс өмнө зэс үйлдвэрлэлээр БНХАУ-д хоёрдугаарт бичигддэг “Tongling Nonferrous Metals” компани үйл ажиллагаа нь төвлөрсөн Анхуй муж дахь үйлдвэрлэлээ 30 хувиар танахаа мэдэгдээд байна.

Үүнээс гадна “Chalco” компанийг байгаль орчны хууль дүрэм зөрчсөн гэж үзэн 100 мянган юаниар торгожээ. CCTV-ийн мэдээлснээр хог хаягдлаа заасан хугацаанд заагаагүй гэж компанийг буруутгаж байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


December 26, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.