Монгол Улс гадаад бондын хүүний төлбөрт 210 сая ам.доллар төлөх хүлээлттэй байна


Ирэх онд Монгол Улс гадаад бондын хүүний төлбөрт 210 сая ам.доллар төлөх хүлээлттэй байна. Энэ онд 600 сая ам.долларын Хуралдай бонд, 800 сая ам.долларын Гэрэгэ бонд гаргасан. Эдгээр бондыг Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бонд, Чингис бонд, Дим Сам бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан. Зах зээлийн зарчмаар дахин санхүүжилтийн зорилгоор гаргасан бондуудын хүү бага зэрэг өссөн. Тухайлбал Хуралдай бондын хүүг 8.75 хувиар тогтсон нь 5.75 хувийн хүүтэй Евро бондоос гурван хувиар өндөр байгаа юм. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар Гэрэгэ бондын хүүг мэдэгдэхүйц буулгаж 5.625 хувь болгож чадсан. Зах зээлд санал болгосон хэмжээнээс долоо дахин өндөр буюу 5.5 тэрбум ам.долларын захиалга ирсэн нь амжилттай арилжаанд тооцогдож байсан юм. Одоогоор Гэрэгэ бондын ханш анх зах зээлд гаргасан үеэс нэг ам.доллар орчмоор өсөж 100.97 ам.долларт тогтоод байна. Эзэмшигчдийн дунд “Blackrock”, “JPMorgan”, “Goldman Sachs” зэрэг томоохон хөрөнгө оруулагч багтаж байна. Харин Монголын Засгийн газрын бондуудаас хамгийн мэдрэг ханштай Хуралдай бондын үнэлгээ энэ онд 6.7 хувиар өсөж 115.2 ам.доллар давсан нь эрэлт харьцангуй өндөр байгааг илтгэж байна. Харин зах зээлийн ханш хамгийн өндөрбонд бол 2016 онд эдийн засгийн хүнд үед гаргаж байсан 10.875 хувийн хүүтэй Мазаалай юм.

Нэгжийн ханш нь энэ оны турш тасралтгүй өсөж 118 ам.долларт ойртож байна. Харьцангуй өндөр хүүтэй тул хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж өндөр түүнчлэн Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан тул дефолт зарлах магадлал бага гэж дүгнэсэн. Энэ нь Мазайлай бондын эрэлтийг өсгөх гол хөдөлгөгч хүч гэж шинжээчид дүгнэж байна. Цаашдаа улс төрийн орчинд гэнэтийн өөрчлөлт гарахгүй бол Монголын Засгийн газрын бондууд өнөөгийн түвшинд тогтвортой хадгалагдана гэдэгтэй шинжээчдын олонх нь санал нэг байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


December 27, 2017
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.