Евро бүсийн ажилгүйдэл 8.7 хувь болж буурчээ


Евро бүсэд ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурлаа. Бүсийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны 11 дүгээр сард “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан 8.7 хувь болж буурсан байна. Энэхүү үзүүлэлт өмнөх сард 8.8 хувьтай байжээ. Европт ажилгүйдэл буурч байгаа нь хөдөлмөрийн зах зээл сайжирч бизнесийн итгэл өсөж байгаатай холбоотой. Испанид ажилгүйдлийн түвшин сүүлийн есөн жилийн доод түвшинд хүрсэн бол Германд энэ үзүүлэлт түүхэн доод түвшиндээ байгаа юм. Харин Грект ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр буюу 20 хувьтай байна. Хэдийгээр Европт хөдөлмөрийн зах зээл эерэг дүр зурагтай байгаа ч инфляцын түвшин эдийн засгийн томоохон сорилт болсон хэвээр байна. Бүсийн хэмжээнд инфляцын түвшин 12 дугаар сард 1.4 хувьтай байгаа нь Европын Төв банкны хоёр хувийн зорилтот түвшнээс доогуур дүн болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 11, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.