Пүрэв гарагт Гашуунсухайтаар 10 орчим машин нүүрс тээвэрлэн гарчээ


Гашуунсухайт-Ганцмодны боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол, Хятадын Засгийн газрын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. Ганцмодны боомт орчимд авто зам хааснаас улмаас мягмар гарагаас эхлэн нүүрсний тээвэр удааширсан. Мягмар гарагт 300-аад машин нүүрс экспортолсон бол лхагва гарагт 110, харин өнөөдөр 10-аад машин нүүрсээ тээвэрлэн боомтоор гарсан гэдгийг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хятадын тал Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний машины тоог цөөрүүлсэн. Үүний улмаас хил дээр урт дараалал үүсэж, оргил үедээ 110 км урт үргэлжилж байсан юм. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд Тавантолгой-Цагаанхад-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж, улмаар боомтын орчим дахь дараалал 5-7 км болж буурсан. Гэхдээ Хятадын талын тээвэрлэгч “Winsway Enterprise” буюу “E-Commodities” компани эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэдгийг УУХҮ-ийн сайд мэдэгдлээ. Тээвэрлэгч талаас нийт 12 заалт бүхий шаардлагыг Баяннуур хот, Ганцмодны боомтод хандан гаргасан байна. Үүнд Монголын тал Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл уртын тээврийг сэргээх, Монгол жолоочийн нийгмийн даатгалыг төлж байгааг зогсоох зэрэг шаардлага багтжээ. Ямартай ч одоогоор замын хөдөлгөөнийг нээх асуудлаар ГХЯ, Авто тээврийн үндэсний төв БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг албан эх сурвалж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 11, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.