“Оюу Толгой”-ийн зэсийн үйлдвэрлэл 22.8 хувиар огцом нэмэгджээ


“Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” ордын IV улирлын үйлдвэрлэлийн тайланг танилцууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Жефф Тайгесений албан мэдэгдэлд дурдсанаар “Оюу Толгой”-ийн ил уурхайн олборлолт болон баяжмалын үйлдвэрлэл өнгөрсөн улиралд дээд түвшинд хүрч өсжээ. Тайлант хугацаанд “Оюу Толгой”-ийн хүдрийн олборлолт улирлын дүнгээр 5.3 хувиар өсөж, харин боловсруулсан хүдрийн хэмжээ нь 2.1 хувиар өссөн байна. Мөн зэсийн үйлдвэрлэл 22.8 хувиар огцом нэмэгджээ. 2018 онд “Оюу Толгой” ХХК 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн 2018 оны хөрөнгө оруулалтын мөнгөн зардал ил уурхайн үйл ажиллагааны хувьд ойролцоогоор 150 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалт 1.1-1.2 тэрбум ам.доллар байхаар төсөөлөлтэй байна.

Үүнээс гадна Монгол Улсын Татварын ерөнхий газар тус компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа талаар “Turquoise Hill Resources” компани даваа гарагт мэдэгдсэн юм. Компани татварын актыг одоогоор судалж байгаа, Монголын хуульд заасан хугацаанд багтааж хариу өгнө гэж мэдэгдэлдээ дурдлаа. “Оюу Толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татвараа төлсөн гэж үзэж байгаагаа “Turquoise Hill Resources” онцолсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 17, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.