ҮСХ: 2017 онд төсвийн алдагдал хоёр дахин буурч, 1.7 их наяд төгрөгт хүрсэн


2017 онд татварын орлого өссөний улмаас төсвийн алдагдал өмнөх оноос хоёр дахин буюу 1.9 их наяд төгрөгөөр буурч, 1.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн орлого талыг харвал өсөлтөд гол нөлөөг үзүүлсэн татварын нийт орлого 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.3 хувиар буюу 1.4 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд орлогын албан татвар 566.5 тэрбум төгрөгөөр өссөн нь хамгийн их төсөвт орлого бүрдүүлсэн хэсэг болж байна. 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, нийгмийн даатгалын орлого бүгд өмнөх оноос 18.4-56 хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн онцгой албан татвар өмнөх оноос 17.5 хувь буюу 110.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. 2017 онд Олон Улсын Валютын Сангийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд 7-8 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Тухайлбал, өнгөрсөн онд шатахууны онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татварыг автомашины насжилт, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулаад тус бүр нэмэгдүүлсэн юм. Хэдий тийм боловч онцгой албан татварын орлого буурсан байна. Мөн үүнээс гадна хадгаламжийн хүүгийн орлогод 2017 оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлсэн нь төсөвт төвлөрөх татварын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Дээрх шийдвэрүүдээс гадна эдийн засгийн өсөлтийг дэмжсэн экспортын гүйцэтгэл гол нөлөөг үзүүлсэн байна.

Гадаад зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр экспортын орлого нэмэгдсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсныг эдийн засагчид онцолж байгаа юм. 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 7.2 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа бол 2018 онд мөн 7.2 их наяд байхаар төсөвлөөд байна. Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.9 их наяд төгрөг байсан бол 2018 оны төсөөллөөр 9.6 их наяд төгрөг байхаар тооцож баталжээ. Ингэснээр 2018 оны төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар баталсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 17, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.