“Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байна


Зэсийн баяжмалын экспортоо зогсоогоод байсан “Оюу Толгой” компани өнгөрсөн долоо хоногоос экспортоо хэвийн үргэлжлүүлж байна. Тус компани баасан, бямба гарагт нийт 100 автомашин буюу 2800 тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өнгөрсөн долоо хоногийн гурван өдөрт 800 гаруй автомашин нүүрс гарсан байна. Боомтын хувьд ням гарагт амардаг. Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэхээр болсон нь нүүрсний тээврийн компаниудын ачилтын зардлыг тонн тутамд 2-3 ам.доллараар нэмэгдүүлсэн юм. БНХАУ-ын талын тээврийн компаниуд үүнийг эсэргүүцэж, 12 заалт бүхий шаардах бичгийг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн боомтын захиргаанд хүргүүлсэн байна. Улмаар Ганцмодны боомтын орчим дахь авто замыг хаагаад байсан юм.

“Энэ асуудалд БНХАУ-ын Засгийн газар оролцоогүй гэдгээ илэрхийлсэн” гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. Боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдүгээр сарын арванаас эхлэн Гадаад харилцааны яам БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, холбогдох газруудад хүсэлт гаргасан байна. Түүнчлэн “Улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэлээ”, “БНХАУ-ын тээвэрлэгчдийн шаардлагыг дээшээ уламжлагдаж албажуулснаар манайд ирэх үед нь ажлын хэсэг байгуулж, ярилцаж шийдье” гэж тохиролцсон талаар Гадаад харилцааны яам онцоллоо.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.