“Rio Tinto” Монголд салбар оффисоо нээж, Үйл ажиллагаа хариуцсан захирлаараа Д.Мөнхтүшигийг томиллоо


“Riо Tinto” компани Монголд салбар оффисоо нээхээр боллоо. 2018 онд 80 хүртэлх тооны монгол ажилтантай болгон өргөжүүлэх энэхүү оффис нь хайгуулын ажил болон технологийн төвд дэмжлэг болохоос гадна Монгол дахь түншлэгч талуудтай харилцаагаа өргөжүүлэхэд анхаарна гэж “Riо Tinto” мэдээллээ. “Монгол Улс бол “Riо Tinto”-ийн хувьд стратегийн ач холбогдолтой зах зээлийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулах болно” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак онцолж байна. Мөн тэрбээр “Шинэ оффис нээж байгаа нь “Riо Tinto”-ийн Монгол дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа зөвхөн “Оюу Толгой”-оор хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байна” гэжээ. Мөн “2010 оноос хойш Монгол Улсад нийт долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум доллар төлсөн” гэдгийг мэдэгдэлдээ дурдсан байна. Түүнчлэн “Гүний уурхайн төсөл дээр Монголын компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар болсон. Зөвхөн 2017 онд л гэхэд 180 сая долларын татвар төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговийн тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулсан” гээд “Цаашид “Rio Tinto”-ийн зүгээс Монголд улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаадаа таатай байна” гэж онцолжээ.

“Riо Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак энэ даваа гарагт Монголд ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах товтой байна. Жан Себастьян Жак “Rio Tinto”-ийн Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан захирлаар Дөлийн Мөнхтүшиг ажиллахыг мэдээлээд байгаа юм. Д.Мөнхтүшиг өмнө нь “Nobel” группийн Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн бирж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон хэд хэдэн томоохон компаниудын удирдах түвшинд ажиллаж байжээ.

Эргэн сануулахад, Татварын ерөнхий газар “Оюу Толгой” компанийн 2013-2015 онд төлсөн татварт аудит хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа юм. “Rio Tinto” компаниас “Татварын актыг одоогоор судалж байгаа, Монголын хуульд заасан хугацаанд багтааж хариу өгнө” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.