АПУ ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа ТУЗ-ийн гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлөв


АПУ /MSE:APU/ компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргалаа.

Энэ удаагийн хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 94.86% буюу 234 хувьцаа эзэмшигч оролцсноор хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлсэн юм. Хурлыг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг удирдан явуулав.

Хурлаар хэлэлцсэн асуудал:
1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

2. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх

3. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх тухай асуудлууд байлаа.

Хэлэлцсэн асуудлын тухайд АПУ /MSE:APU/ компани нь архи, шар айрагны бизнесээ Хайнекен интернэйшнл болон MSC групптэй нэгтгэсэнийг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү нэгдлийн дүнд Хайнекен интернэйшнл нь тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшиж, 2 дахь том хувьцаа эзэмшигч болсон тул тус компанийн төлөөллийг ТУЗ-д оруулахаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн юм.

ТУЗ-ийн ердийн гишүүнд 7, хараат бус гишүүнд нийт 4 хүн нэр дэвшснээс хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар дараах хүмүүс сонгогдлоо. Үүнд:

Ердийн гишүүнээр:
1. П.Батсайхан
2. Б.Батбаяр
3. Г.Ганболд
4. С.Б.Громов
5. Кеннет Чу
6. Яспер Хамакер

Хараат бус гишүүдээр:
1. Ж.Үнэнбат
2. Ё.Гэрэлчулуун
3. Ө.Батбаяр

Дээр хэлж байсанчлан нэгдлийн дүнд АПУ /MSE:APU/ нь хэд хэдэн компанийн толгой компани болсон. Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүний бизнесээ тусгаарлаж байгуулсан АПУ Дэйри ХХК, Спирт бал бурам ХХК, АПУ Трейдинг ХХК, Натур Агро ХХК зэрэг юм.

Иймд эдгээр компаниудын Хувьцаа эзэмшигчийн эрхийг АПУ /MSE:APU/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгох тухай асуудал байсан бөгөөд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.98%-ийн саналаар эрхийг олголоо.

Мөн түүнчлэн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг боловсруулан батлах эрхийг компанийн ТУЗ-д олгохыг хувьцаа эзэмшигчдийн 99.98% нь зөвшөөрлөө.

Хурлын үеэр компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хувьцаа эзэмшигчдийн асуултанд хариулт өгөв. Тэрээр хэлэхдээ:
“АПУ ХК-ийн нэгдэх болсны гол шалтгааны нэг нь Монголын зах зээл хязгаарлагдмал байгаа тул компаниуд давуу талуудаа нэгтгээд гадаадын зах зээлд гарах зорилготой байсан. Хайнекен компани гэхэд ОХУ-ын Сибирийн бүс нутгийн шар айрагны зах зээлийн 50%-ийг дангаараа эзэлдэг.

Цаашид компани ОХУ-ын Сибирээс Владивосток хүртэлх, БНХАУ-ын Өвөрмонгол, Япон, Өмнөд Солонгос гэсэн 4 зах зээлд төвлөрч ажиллана. Ирэх 3 жилд архины борлуулалтын 20%-ийг экспортоос олдог болохоор төлөвлөж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Marketinfo.mn


January 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.