Монголбанк: 2018 онд инфляц тогтвортой байна


Монголбанкны явуулсан инфляцын хүлээлтийн урьдчилсан судалгаагаар иргэдийн дийлэнх нь инфляцыг Төв банкны зорилтот түвшин болох найман хувь орчимд байна гэсэн хүлээлттэй байна. Иргэд инфляцыг 2018 оны эцэст 8.4 хувь, аж ахуй нэгжүүд 4.6 хувь, харин шинжээчид 8.1 хувьтай байхаар таамаглаж байна. Харин инфляц 2018 онд харьцангуй тогтворжих төлөвтэй байгаа гэж Төв банкны инфляцын төлөв байдлын тайланд онцолжээ. Ирэх улирлуудад импортын бараа, шатахууны үнийн өсөлт инфляцыг нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа бол мах, хүнсний ногооны үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний инфляц 2018 онд харьцангуй тогтвортой байх төсөөлөлтэй байна. Шатахууны үнийн өсөлт болон нийт эрэлтийн өсөлтийн нөлөөгөөр хүнсний бус инфляц 2018 оны эхэн хүртэл өсөх хэдий ч ханшийн нөлөө буурснаар эргээд тогтворжихоор байгаа аж. Оны эхний хагаст хэрэглээний сагс өөрчлөгдөж, зарим татварын хэмжээ нэмэгдсэнээр инфляц өссөн гэж Төв банк үзэж байна. Сүүлийн саруудад нийлүүлэлтийн шалтгаанаар мах, гурил, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн бол эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор дотоодын болон импортын бараа, зарим төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өсжээ. Мөн өмнөх оны сүүлийн хагаст үнэ буурч, дефляцитай байсан суурь үеийн нөлөө зэрэг нь бодит инфляц зорилтот түвшин рүү дөхөхөд нөлөөллөө.

Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай болон татварын өөрчлөлттэй холбоотойгоор инфляц нэмэгдэх эрсдэл байгаа ч эрэлтийн шалтгаантай инфляцын нөлөө өмнөх төсөөллөөс буураад байгааг Төв банк онцолсон юм. 2017 оны эцсийн байдлаар хэрэглээний үнийн индекс 6.4 хувиар өссөн нь Монголбанкны зорилтот түвшнийг хангасан үзүүлэлт болж байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.