Гермес центр: Татварын дараах цэвэр ашиг 42.9 сая төгрөгөөр нэмэгдсэн


Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд IV улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж эхэллээ. Үүнээс ногдол ашгаа жил бүр идэвхтэй хуваарилдаг “Гермес центр” компани 2017 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашиг нь 2016 оныхоос 6.4 хувиар буюу 42.9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Хүүний орлого нь 35 орчим сая төгрөгөөр нэмэгдэж, удирдлагын зардал нь 10 гаруй сая төгрөгөөр буурчээ. “Гермес центр” компани 2006 оноос эхлэн ногдол ашгаа тарааж эхэлсэн бөгөөд сүүлийн таван жил дараалан хувьцаа эзэмшигчдэдээ хувь олгоод байгаа аж. Мөн 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд таван төгрөг буюу нийт 392.7 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлээд байна. Тус компанийн хувьцааны ханш 2017 онд 150 төгрөг орчимд хэлбэлзэж байжээ. Харин 2018 он гарснаас хойш есөн төгрөгөөр ахиж, зах зээлийн үнэлгээ нь сүүлийн байдлаар 11.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Хувьцааны төвлөрлийг харвал нийт хувьцааны 84 хувь нь хоёр эзэмшигчид байдаг. Харин үлдсэн 16 хувь буюу 12.5 сая ширхэг хувьцаа нь 918 хүний мэдэлд байдаг байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 31, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.