Евро бүсийн эдийн засаг 2.5 хувиар өсжээ


Евро бүсийн эдийн засаг 2017 онд сүүлийн 10 жилд байгаагүй хурдаар өссөн байна. Тус бүсийн эдийн засаг 12 дугаар сард эцэслэсэн IV улиралд өмнөх улирлаас 0.6 хувиар өссөн нь шинжээчдийн таамагт нийцсэн дүн болжээ. Харин 2017 онд жилийн дүнгээр 2.5 хувиар өссөн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үүнд хөрөнгө оруулалт өссөн нь хамгийн их жин даржээ. Түүнчлэн 19 орныг хамруулсан Евро бүсийн эдийн засаг 2018 оныг мөн таатай үзүүлэлттэй эхлүүлээд байна. Хэдий тийм боловч еврогийн ханш өндөр байгаа нь гадаад зах зээл дэх эрэлтийг бууруулж магадгүй байгаа аж. Үүнээс гадна ХБНГУ-д Эвслийн Засгийн газар байгуулах тухай яриа хэлцэл үргэлжлэх, Италид Парламентын сонгууль болох зэрэг нь улс төрийн эрсдэлүүдэд тооцогдож байна. Хэдий тийм боловч шинжээчид бүсийн эдийн засаг энэ онд ч бас 2.4 хувиар өснө гэсэн эерэг таамаг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 31, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.