АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ


АНУ-ын Төв банк Жанет Йелленээр удирдуулсан сүүлийн хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Хэдий тийм боловч ирэх гуравдугаар сард болох дараагийн хурлаар бодлогын хүүгээ өсгөх магадлал өндөр буюу 70-аас дээш хувьтай байна. Учир нь Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүнээр сонгогдсон Жером Пауэлл үүнийг дэмжих таамаг давамгай байгаа юм. Холбооны нөөцийн банкны Нээлттэй зах зээлийн хорооноос АНУ-ын эдийн засгийн өсөлт өндөр байгаагаас гадна инфляц хоёр хувийн зорилтот түвшиндээ хүрнэ гэдэгт илүү өндөр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Улмаар инфляцын түвшин энэ онд өсөж, тогтворжино гэсэн эерэг таамаг дэвшүүлсэн байна. Үүгээр бодлогын хүүг өсгөх хурд эрчимжиж магадгүй гэж ажиглагчид таамаглажээ. Гэхдээ үүнд яаруу шийдвэр гаргавал хөдөлмөрийн зах зээл эрсдэлд орох юм. АНУ-ын Төв банкны анхны эмэгтэй тэргүүн Жанет Йеллений бүрэн эрхийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж байна. Түүний оронд томилогдсон Жером Пауэллийн удирдлага дор холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөх магадлал 50 хувиас давжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.