SOMO: “Rio Tinto” групп “Оюу Толгой”-той холбогдох 700 сая ам.долларын татвараас зайлсхийсэн


“Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв” буюу “SOMO” хэмээх Нидерландын Төрийн бус байгууллага “Rio Tinto” группийг Оюу Толгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох 700 сая ам.долларын татвараас зайлсхийсэн гэж буруутгалаа. Тодруулбал, “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани Люксембург болон Нидерланд дахь “Mailbox” гэгдэх компаниудаар дамжуулан “Оюу Толгой” төслийг санхүүжүүлжээ. Ингэхдээ Канад улсад 470 сая ам.доллар, Монгол Улсад 230 сая ам.долларын татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн байна. “SOMO” нь Нидерландын Засгийн газар, Европын Холбооноос санхүүждэг, үндэстэн дамнасан корпорациудыг судалдаг ашгийн бус байгууллага юм. “Rio Tinto” групп “SOMO”-ийн дүгнэлтийг эрс няцааж, 2010-2017 онд Монгол Улсын Засгийн газарт 1.8 тэрбум ам.долларын татвар, роялти төлсөн гэдгээ мэдэгдэлдээ онцолсон байна.

Үүнээс өмнө Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-ийн 2013-2015 онд төлсөн татварт аудит хийж, татварын акт тавьсан юм. “Оюу Толгой” компанид тавьсан 155 сая ам.долларын татварын актыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өмнө нь 2014 онд мөн л “Оюу Толгой” ХХК-ийн 2010-2013 оны татварт аудит хийж, 127 сая ам.долларын татварын акт гаргаж байжээ. Хэдий тийм боловч хуулийн хугацаанд дахин авч хэлэлцээд, 30 сая ам.доллар болгон бууруулж байсан байна. “Энэ удаад ч мөн адил төстэй байдлаар шийдвэрлэж магадгүй” гэж “Canaccord Genuity”-ийн шинжээч таамаглажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзах үедээ “Оюу Толгой” төслийн зардлыг бууруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.