МХБ: I сард 22.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн


Монголын Хөрөнгийн биржид нэгдүгээр сард 22.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад гурав дахин бага үзүүлэлт болж байгаа юм. Мөн өнгөрсөн оны сарын дундаж арилжаанаас доогуур дүнтэй гарлаа. Энэ нь Монголын Хөрөнгийн биржид 11 дүгээр сараас хойш Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлд арилжаа явагдаагүйтэй холбоотой ажээ. Түүнчлэн 12 дугаар сард томоохон компаниудын багцын арилжаа их хэмжээгээр хийгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ сарын нийт арилжааны 88.3 хувийг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн бол үлдсэн 11.7 хувийг хувьцааны арилжаа эзэлж байна. Хувьцааны арилжаанд АПУ компани гурван долоо хоногийн турш идэвхээр тэргүүлжээ. АПУ компани нэгдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийсэн юм. Мөн хувьцааных нь ханш он гарснаас хойш гурван хувиар буурсан байна. Нэгдүгээр сарын эцэст хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгийг давсан бөгөөд энэ нь өмнөх сараас 3.1 хувиар буюу 76 тэрбум төгрөгөөр өссөн дүн болжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 2, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.