“Apple”-ийн борлуулалт буурсан ч орлого нь өсөв


“Apple” компани 2018 оны санхүүгийн жилийн I улиралд 88.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн төдийгүй шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч улирлын дүнгээр 77.3 сая ширхэг “iPhone” гар утас борлуулсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад нэг хувиар буурчээ. Үүний дотор “iPhone X”-ийн борлуулалт харьцангуй сайн байсан ч арай хямд үнэтэй загваруудынх нь эрэлт бага байсныг шинжээчид онцолж байна. Түүнчлэн энэ улиралд олох орлогынхоо таамгийг “Apple” компани 60-62 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. Тус компанийг “iPhone”-оос бусад бүтээгдэхүүн, үйлчилгээндээ анхаарах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Хэдий тийм боловч зүүх төхөөрөмж, AR технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн гаргахад цаг хугацаа шаардлагатай аж. Энэхүү мэдээллийн дараа хувьцааны ханш нь зургаан хувиар унасан байна.

Үүнээс гадна “Apple” компани АНУ-ын татварын шинэчлэлийн хүрээнд бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлж, 285 тэрбум ам.долларт хүргэжээ. Тус компани өнгөрсөн сард оффшор бүсээс олон зуун тэрбум ам.доллар эргүүлэн татаж, 38 тэрбум ам.долларын татвар төлнө гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 2, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.