BMI Research: Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.5 хувь, ирэх онд 6.6 хувьд хүрнэ


“Fitch Group”-ийн харьяа “BMI Research” байгууллага БНХАУ, Зүүн Хойд Азийн эдийн засгийн төлөвийн тайлангаа танилцууллаа. Бүсийн хамгийн том эдийн засагтай БНХАУ-ын хувьд энэ онд эдийн засгийн өсөлт нь удааширч, 6.5 хувьд хүрнэ гэж тус байгууллага тооцоолсон байна. БНХАУ-ын Засгийн газар өрийн болон төсвийн зарцуулалтаа бууруулж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын өсөлт нь бага зэрэг саарна гэж үзжээ. Хэдий тийм боловч тус улсын эдийн засагт учрах хамгийн том эрсдэл нь АНУ-тай хийж буй худалдааны харилцаа гэж “BMI Research” үзсэн байна. Харин Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засаг энэ онд 5.9 хувиар тэлэх бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.5 хувьд, ирэх онд 6.6 хувьд хүрнэ гэж “BMI Research” тооцоолж байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын эрсдэлийн индексийг 52.1 нэгжээр үнэлсэн байна. Гэхдээ эдийн засаг сэргэж байгаа энэ үед зээл олголт нэмэгдэж, банкнуудын активын чанар сайжрах дүр зурагтай байгаа юм. Тиймээс “BMI Research”-ийн шинжээчид Монгол Улсын банкны салбарын төлөвийг харьцангуй эерэгээр үнэлжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 2, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.