“Шивээ-Овоо” ХК: Тоног, төхөөрөмжийн шинэчлэлд 38 тэрбум төгрөг шаардлагатай


Өнгөрсөн бямба гарагт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Дулааны цахилгаан станцуудын нүүрсний гол хэрэгцээг хангадаг “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд нар орон нутагт ажиллах үеэр Шивээ-Овоо, Багануур ХК-ууд үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, биелэлтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар зөвлөлдөж ярилцсан байна. Ерөнхийдөө компаниуд уурхайн хөрс хуулалт хоцрогдсон болон лицензийн маргаантай газрууд байгаа нь гол асуудал болж байгааг мэдээллээ. Шивээ-Овоогийн уурхайн хувьд дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар нийлүүлж байгаа бөгөөд 2017 онд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, Дулааны IV цахилгаан станцад 1.7 сая тонн нүүрс буюу нийт олборлолтынхоо 85.6 хувийг нийлүүлсэн байна. Энэ нь Дулааны IV цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг хангаж байна гэсэн үг юм. 2018 онд мөн л хоёр сая гаруй тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тус компанийн тулгамдаж буй гол асуудал нь техникийн шинэчлэл болон өрийн асуудал байгааг онцолж байна. Тухайлбал, зээлийн төлөлт хэвийн байгаа ч нийт зээлийн өрийн үлдэгдэл Япон улсын Засгийн газрын MOP4, MOP5-ийн зээлийг оролцуулан 73 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн уурхайн машин, тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, актлагдах болсноор хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Эдгээр асуудлууд нь хөрс хуулалтын ажлыг тасалдуулж, уурхайн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахаар болоод байна гэж мэдээллээ. 2010 оноос эхлэн хөрс хуулалтын ажил хоцрогдож эхэлсэн бөгөөд одоогоор нэг сая орчим метр кубт хүрсэн байна. Энэ нь 2018 оны төлөвлөгөө тасрах эрсдэлийг үүсгэж байгаа аж. Мөн 2019 оны сүүлийн хагасаас олборлолтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирна гэж мэдээлээд байна. Тоног, төхөөрөмжийн шинэчлэлд 38 тэрбум төгрөг шаардлагатай гэж “Шивээ-Овоо” компани мэдээллээ.

Харин “Багануур” ХК-ийн хувьд дотоодын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглээний 60 хувийг дангаараа хангаж байна. Гол асуудал нь лицензийн маргааны асуудал, мөн эрчим хүчний хэрэглээ өсөж байгаатай холбоотой хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо. Орд газрын хувьд нийт 812 сая тонн нүүрсний нөөцтэй, нийт нөөцийн 53 хувь ногдох га талбайн асуудал лицензийн маргаантай байгаа юм. Багануурын нүүрсний уурхай 2017 онд дөрвөн сая гаруй тонн нүүрс олборлон борлуулж, 126.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Ингэснээр орлого нь өмнөх оноос 10.3 тэрбум төгрөгөөр өсжээ. 2018 онд 19.1 сая метр куб хөрс хуулж, 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн байна. Хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тухайд Багануур дүүрэгт 700 мВт-ын цахилгаан станцыг хоёр үе шаттайгаар 2020, 2024 онд барьж ашиглалтад оруулах, 2019 онд Дулааны III цахилгаан станцын 250 мВт өргөтгөл хийх, 2020 онд Дулааны II цахилгаан станцад 170 мВт-ын өргөтгөл хийх төлөвлөгөөтэй уялдан Багануурын уурхайн хүчин чадлыг 2019 онд 4.9 сая тонн, 2020 онд 6.7 сая тоннд хүргэх шаардлага гарч байгаа аж. Үүнээс үүдэн 2018-2022 онд 353 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж худалдан авч шинэчлэл хийх шаардлагатай байна гэж тус компаниас мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 5, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.