“Монгол шуудан” компанийн татварын дараах цэвэр ашиг 9.4 хувиар буурав


“Монгол шуудан” компанийн татварын дараах цэвэр ашиг 2017 онд өмнөх оныхоос 9.4 хувиар буурч, 911.8 сая төгрөг боллоо. Санхүүгийн тайлангаас харахад гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал 299 сая төгрөгт хүрсэн байна. 2016 онд ханшийн зөрүүнээс 516 сая төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Тус компанийн ашиг 911 сая төгрөг гарснаар нэгж хувьцааны өгөөж нь 9.16 төгрөг гарсан байна. 2016 оны ашгаас нэгж хувьцаанд 3.03 төгрөг буюу нийт ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон 2017 онд тарааж байжээ. “Монгол шуудан” компани 2016 оны нэгдүгээр сард компанийнхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, 6.2 тэрбум төгрөгийг босгож байсан аж. Ингэхдээ нэгж хувьцаа нь 185 төгрөг байсан бол өнөөдөр 635 төгрөгт хүрч зах ээлийн үнэлгээ нь 60 тэрбум төгрөгийг даваад байгаа юм. Тус компани 2017 оны эхний хагас жилд ашгийн төлөвлөгөөнийхөө биелэлтийг 2016 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэнийг мэдээлж байв. Мөн цаашид ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран транзит шуудангийн үйлчилгээг эхлүүлэхээр зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 12, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.