“Оюу Толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний эх үүсвэртэй болох үүрэг хүлээж байна


асгийн газар “Оюу Толгой” ХХК-тай 2014 онд байгуулсан эрчим хүчний гэрээгээ хүчингүй болгосноор Тавантолгойн цахилгаан станцын төслийг боломжит хувилбар гэж үзэхгүй байгааг илтгэж байна гэж “Turquoise Hill Resources” компани мэдээллээ. Үүний дараа компанийн хувьцааны ханш Торонтод гурван хувиар буурсан. Энэхүү цуцлагдаж байгаа гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 квт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн гэдгийг “Оюу Толгой” ХХК мэдэгдсэн. Гэрээг цуцалснаас хойш цаашид дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж байгаа юм. Компани эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлнэ гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн мэдэгдэлд дурджээ. Компанийн албан ёсны веб хуудаст тавигдсан 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг харвал “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ дараах дотоодын эх үүсвэрээс сонгон хангах тухай” дурдсан байна. Үүнд хөрөнгө оруулагч санхүүжүүлж барьсан нүүрсний цахилгаан станц, гуравдагч этгээдийн санхүүжүүлж барьсан нүүрсний станц болон Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ зэргийн аль нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгоно гэж дурджээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслийг дэмжсэн хэвээр байгаа” гэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай уулзах үеэр “Тавантолгойн ордод түшиглэн станц байгуулж, Говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн.

“Оюу Толгой” ХХК-ийн хувьд 2017 онд эрчим хүчинд 160 сая ам.доллар зарцуулсан. Ойрын 2-3 жилд энэ нь 250 сая ам.доллар болж нэмэгдэнэ гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өмнө нь мэдээлж байсан. Мөн энэ мэтчилэн гадагш чиглэсэн мөнгөн урсгал их байна гэдгийг тэрээр онцолсон. Харин ирэх дөрвөн жилийн хугацаанд “Оюу Толгой” ХХК нэг тэрбум хүртэлх ам.долларыг цахилгаан станцад зарцуулж магадгүй гэж “CIBC”-ийн шинжээч таамаглажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.