МЦХ: 2017 онд зургаан сая төгрөгийн ашигтай ажилласан


“Монголын цахилгаан холбоо” компани 2017 онд зургаан сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал жилийн турш 17.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 20.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ингэснээр борлуулалтын ашиг болох 2.9 тэрбум төгрөг, хүүгийн орлогоос нэг тэрбум төгрөг олсон байна. Үүнээс бусад зардал болох 3.7 тэрбум төгрөгийг хассанаар компанийн цэвэр ашиг зургаан сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл ашгийн хэмжээ нь өмнөх оноос долоо дахин буурсан байна. 2015 онд тус компани 730 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байжээ. “Монголын цахилгаан холбоо” компани хувьчлагдсан 21 жилийн хугацаандаа 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, Засгийн газарт 10 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан юм. Тус компанийн хувьцааны ханш өнөөдрийн байдлаар 518 төгрөг байгаа нь оны эхэн үеэс 8.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 13.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.