Credit Suisse: Австралийн компаниуд өндөр ашигтай ажиллах магадлалтай байна


Австралийн компаниуд сүүлийн 15 жилд цөөн хэдэн удаа л өндөр ашигтай ажилласны нэг нь энэ улиралд тохиох магадлалтай байна. “Credit Suisse” банкны тооцоолсноор Австралийн Хөрөнгийн биржийн S&P/ASX 200 индекст багтсан компаниудын 28 хувийнх нь нэгж хувьцаанд ногдох ашиг зургаадугаар сард дуусах санхүүгийн жилд нэг хувиар өсөх аж. Шинжээчид энэ таамгийн дүнг 0.3 хувиар бууруулаад байсныг эргээд 0.6 хувиар өсгөнө гэж “Credit Suisse” банк онцолжээ. Хэдий тийм боловч Австралийн “Commonwealth Bank”, барилгын материалын “Fletcher Building”, “Wesfarmers” зэрэг томоохон компаниудын ашгийн таамаг доогуур байх төлөвтэй байгаа аж. Сүүлийн нэг сарын хугацаанд хагас болон бүтэн жилийн санхүүгийн тайлангаа танилцуулсан Австралийн компаниудын олонхынх нь борлуулалтын орлого, ашгийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлттэй байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж байгаа аж. “Австралийн компаниуд ирэх зургаадугаар сар хүртэлх санхүүгийн жилд нэмэлтээр хагас тэрбум австрали долларын ногдол ашиг тараана. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн “Dexus”, “Mirvac” уул уурхайн “South32” зэрэг компаниуд 820 сая ам.доллараар хэмжигдэх хувьцаагаа буцаан худалдаж авна” гэсэн тооцоог “Credit Suisse” банк танилцуулжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.