10 ХК ногдол ашиг хуваарилна


10 хувьцаат компани 2017 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараахаа зарлаад байна. Үүнээс нүүрс олборлогч “Адуунчулуун” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 410 орчим сая төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ. Нүүрсний үнэ өсөлттэй байсан 2017 онд тус компани 435.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашгийнхаа 94 хувийг ийнхүү олгохоор шийдвэрлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Адуунчулуун” компани 14 удаа ногдол ашиг тарааж байжээ. Мөн ногдол ашгийн хэмжээ 2000 оноос хойш тогтмол өссөөр ирсэн юм. Харин сүүлийн долоон жил дараалан ногдол ашгаа олгож байгаа “Говь” компани 2017 оны ашгаас 1.7 тэрбум төгрөгийг тараахаар болсон байна. Ингэснээр одоогоор ногдол ашгаа зарлаад байгаа компаниудаас хамгийн өндөр хэмжээг олгохоор болж байгаа юм. Ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн олгохоор болжээ. “Говь” болон “Адуунчулуун” компаниудын хувьцааны ханш сүүлийн нэг жилийн турш 45-90 хувиар өссөн байна.

Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр 2016 оны цэвэр ашгаас 28 компани ногдол ашиг олгож байсан юм. Харин 1993 онд хамгийн олон буюу 111 компани хувьцаа эзэмшигчдэдээ хувь олгож байжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.