АНУ-ын ДНБ 2.5 хувиар өслөө


Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны IV улиралд 2.5 хувиар өслөө. Энэ нь жилийн дүнгээр эдийн засгийн өсөлт дөрвөн хувьд хүрнэ гэж тооцож байсан Дональд Трампын зорилт бодит байдалд биеллээ олоогүйг илтгэн харууллаа гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ-ын эдийн засаг 2017 онд 2.3 хувиар өссөн ч энэ нь санхүүгийн хямралаас хойших хамгийн бага хурдаар өссөн 2016 оны үзүүлэлтээс өндөр дүн болж байгаа юм. IV улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь эхний тооцооллоос бага зэрэг доогуур гарахад бизнесийн зарцуулалт, хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Хэдий тийм боловч өрхийн зарцуулалт нь 2016 оноос хойших хамгийн өндөр хурдаар өсжээ. Шинжээчид 1.5 их наяд ам.долларын татвар бууруулах багц хууль эдийн засагт нөлөөлнө гэж харж байгаа учраас энэ оны болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамгаа нэмэгдүүлж, 2.5 хувьд хүргэсэн байна. Үүнд Дональд Трампын засаг захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж тайлбарлажээ.

“АНУ-ын Төв банк цаашид бодлогын хүүгээ өсгөх нь эдийн засагт үүсэж болзошгүй “хэт халалт”-аас сэргийлэхэд чухал нөлөөтэй” гэж Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдсэн байна. Тийм учраас АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөж магадгүй гэсэн таамаг шинжээчдийн дунд давамгайлж байгаа юм. Эхнийх нь энэ сард тохиох өндөр магадлалтай гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.