Норвегийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын өгөөж түүхэн дээд түвшиндээ хүрчээ


Нэг их наяд ам.долларын хөрөнгөөр дэлхийд I бичигддэг Норвегийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын өгөөж 2017 онд хоёр дахин нэмэгдэж, өмнө байгаагүй дээд цэгтээ хүрсэн байна. Хөрөнгө оруулалтын өгөөж нь 13.7 хувиар хэмжигдэж байгаа нь мөнгөн дүнгээр 131 тэрбум ам.доллартой тэнцэх дүн юм. Хувьцааны зах зээл өсөлттэй байсан нь өгөөж нэмэгдэхэд голчлон нөлөөлсөн. Тухайлбал, сангийн хөрөнгө оруулалт түлхүү төвлөрдөг АНУ-ын хөрөнгийн биржид “Dow Jones”, “S&P500” индексүүд түүхэн дээд түвшинд хүрч өсжээ. Мөн технологийн салбарын компаниудын өсөлт өгөөж өсөхөд түлхэц болсон байна. Баялгийн сангийн багцад багтаж байгаа “Nvidia” омпанийн хувьцааны ханш 125 хувь, “Micron Technology”-ийнх 88 хувиар өссөн байх жишээтэй. Үүнээс гадна, Норвегийн баялгийн сан “Brexit”-ийн хэлэлцээний үр дүн ямар байхаас үл шалтгаалан цаашид Их Британид үргэлжлүүлэн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Тус сангийн хөрөнгө оруулалтыг улс орноор нь задалж харвал Их Британи нь АНУ-ын ард II бичигддэг. Тодруулбал, Норвегийн баялгийн сан Их Британийн хөрөнгийн зах зээлд 67 тэрбум ам.доллар, бондын зах зээлд 18.5 тэрбум ам.доллар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.