БНСУ: Дональд Трамп, Ким Чен Ун нар V сард уулзана


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дээд түвшний уулзалт хийх хүсэлтийг хүлээн авсан талаар БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон И Ён мэдэгдлээ. Ингэснээр хоёр улсын удирдагч тавдугаар сард уулзана гэдгийг БНСУ-ын төлөөлөгч БНАСАУ-д хийсэн айлчлалаа Цагаан ордонд тайлагнах үедээ онцолсон юм. Ийнхүү АНУ болон БНАСАУ-ын удирдагчид уулзах нь сөргөлдөгч хоёр талын харилцаанд “эргэлт” болж магадгүй гэж олон улсын ажиглагчид харж байна. БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон И Ён “АНУ-ын Төрийн тэргүүн Умардад хийсэн айлчлалыг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлж, Ким Чен Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн уулзалт хийхийг хүлээн зөвшөөрлөө. БНСУ, АНУ, Япон болон бусад түншлэгч талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахад онцгой анхаарч байгаа. Тийм учраас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, дипломат арга хэрэгсэл ашиглана гэдэгт найдаж байна. Мөн БНСУ, АНУ тэргүүтэй холбоотон улсууд өнгөрсөнд гаргасан алдаагаа давталгүй, түрэмгий үйлдэл хийхгүй гэсэн амлалтдаа хүрэх хүртэл БНАСАУ-д шахалт үзүүлсэн хэвээр байх болно” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна хоёр Солонгосын удирдагчид дөрөвдүгээр сарын эцсээр мөн дээд түвшний уулзалт хийхээр харилцан тохироод байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 9, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.