Бодлогын хүүгийн шийдвэр ба хүлээлт


Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар энэ сард Төв банкны бодлогын хүүг өөрчлөхгүй гэж “Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээнэ гэж дийлэнх шинжээчид таамаглажээ. Учир нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хангалттай түвшинд байна, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахыг Төв банк чухалчилна гэж үзсэн байна. Төв банк хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сард бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгосон юм. Энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ гэж тухайн үед Монголбанк мэдэгдэж байна. Үүнээс хойш гарсан үзүүлэлтүүдийг харвал инфляц нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.9 хувьтай буюу зорилтот түвшинтэй ойролцоо гарчээ. Мөн ажилгүйдлийн түвшин буурч 7.3 хувь болоод байгаа юм. Ийнхүү ихэнх макро үзүүлэлтүүд өсөлттэй байгаа ч Монгол Улс аюулаас төдийлөн холдож амжаагүй байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэж байсан юм. 2017 оныг тэрбээр “Дефолтоос зугтсан жил байсан” гэж дүгнэжээ. Харин энэ оны макро эдийн засгийн төлөв байдлыг эерэгээр харж байгаагаа Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар илэрхийллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 13, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.