Хувьцааны хөрвөх чадвар буурав


Хувьцааны хөрвөх чадварыг зах зээлд арилжигдсан нийт хувьцааны гүйлгээний дүнг зах зээлийн үнэлгээнд харьцуулснаар гаргадаг бөгөөд 2017 оны эцэст энэхүү үзүүлэлт 3.2 хувь болж, 2016 оны мөн үеэс 0.1 хувиарбуурсан дүнтэй байна. Өнгөрсөн оны эцэст үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос нэг их наяд орчим төгрөгөөр буюу 65.5 хувиар өсжээ. Мөн 2016 онд 49.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан хувьцааны арилжаа 78.1 тэрбум төгрөг болж, 59.3 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр бодит тоо хэмжээ эрс нэмэгдсэн ч хувьцааны арилжааны дүнгээс зах зээлийн үнэлгээ илүү өсөлттэй гарч, хөрвөх чадварын үзүүлэлт буурсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн идэвхийг улам бүр сайжруулах, хувьцааны төвлөрлийг сааруулах шаардлага байсаар байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцоллоо. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Өнгөрсөн жил гарсан хоёр IPO хамгийн багадаа 30 болон түүнээс дээш хувиа олон нийтэд санал болгох зайлшгүй шаардлагатай гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газраас байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн оны сүүлээр гарах ёстой байсан хоёр ч компанийн IPO-ийг ийм шалтгаанаар буцаасан. Энэ нь хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах, төвлөрлийг бууруулах, компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод байх зэрэг боломжийг бүрдүүлж өгч байгаа юм” гэж мэдээллээ. Түүнчлэн тэрбээр “Ихэнх компаниудын гаргасан хувьцаа, нэмж гаргасан хувьцаа 10 хувь дотроо л байна. 10-хан хувиа олон нийтэд санал болгосон байхад ил тод байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тухай асуудал бараг яригдахгүй байна” хэмээн онцолж байна.

Сүүлийн байдлаар Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй 313 хувьцаат компанийн 258 нь 95-аас дээш хувийн багцыг эзэмшиж байна. Энэ нь хувьцааны төвлөрөл өнгөрсөн оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.