ҮСХ: Уул уурхайн бус салбар экспортын орлогын 18 хувийг бүрдүүлж байна


2016 онд баталсан Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн дагуу энэ онд экспортын орлогын 30 хувийг уул уурхайн бус салбараас бүрдүүлэхээр тусгасан ч одоогоор 18 орчим хувьтай байна. Хэдий тийм боловч уул уурхайн бус салбарын экспортын өсөлт эрчимжээгүйгээс илүүтэй таваарын ханш өссөн нь хувийн жин буурсан байх боломжтой гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнээс өмнө 2013 онд баталсан хөтөлбөрийн хэрэгжилт ердөө 18 хувьтай байсан тул дахин батлах шийдэлд хүрч байсан юм. Ийнхүү зорилгодоо хүрч чадаагүй нь хэрэгжүүлэх механизм, санхүүгийн эх үүсвэрийг тодорхой заагаагүйтэй холбоотой гэж Монголбанкны судалгаанд тусгасан байна. Судалгаанаас харахад Монгол Улсад экспортыг дэмжих бодлого, нэгдсэн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэх бүтэц тодорхойгүй байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдаа, ялангуяа экспортыг дэмжих чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн хэдий ч институцийн чадавхыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч байгаагүй гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Гэхдээ дунд хугацаанд үйлдвэрийн машин, эд ангиуд, эмийн бүтээгдэхүүн, эфирийн тос, үнэртэн зэрэг салбарт Төрөөс дэмжлэг үзүүлбэл экспорт өсөх боломжтой гэж тооцоолсон байна.

Одоогоор Монгол Улсад экспортыг дэмжих чиглэлд Дэлхийн банкны санхүүжилттэй, Сангийн яамны хэрэгжүүлж буй 20 сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжиж байна. Одоогоор төсөлд 30 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, 430 мянга гаруй ам.долларын санхүүжилт авахаар болоод байгаа талаар төслийн багийнхан мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.