BI: 2018 онд БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурч магадгүй


2017 оны турш өсөлттэй байсан БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2018 онд буурч магадгүй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна. Нийлүүлэлтийн талын шинэчлэл, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалттай тэмцэх Засгийн газрын бодлогын дүнд тус улсын үйлдвэрлэгчид энэ онд гарцаа 30 сая тонноор танах үүрэг хүлээсэн юм. Тухайлбал, дотооддоо ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хэбэй муж 2018 онд гарцаа 10 сая тонноор бууруулах зорилт тавьжээ. Мөн гангийн үйлдвэрлэлээр улсдаа хоёрдугаарт бичигддэг Жиангсу муж 2020 он хүртэл гарцаа 17.5 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь БНХАУ-ын 13 дахь таван жилийн төлөвлөгөөний хүрээнд гарцаа танах 100-150 сая тонн гангийн 12-18 хувьтай тэнцэх хэмжээ аж. Хэдий тийм боловч зах зээлд нийлүүлэлт буурч байгаа нь 2017 онд салбарын компаниудын ашиг өсөх шалтгаан болсон байна. Тухайлбал, “Xinjiang Bayi Iron and Steel” компанийн ашиг өнгөрсөн онд 30 дахин өсөж, 1.17 тэрбум юаньд хүрчээ. Мөн 2016 онд нэг тэрбум юанийн алдагдалтай ажиллаж байсан “Hunan Valin Steel” 4.12 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.