Ши Жиньпин 100 хувийн саналаар улиран сонгогдлоо


13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы төлөөлөгчид БНХАУ-ын удирдагчдыг албан тушаалд нь баталгаажуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Көциан нар улиран сонгогдож, хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ. Ши Жиньпинийг БНХАУ-ын Ерөнхийлөгч, Цэргийн зөвлөлийн даргаар улиран сонгогдохыг БНХАУ-ын Парламентын гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй үзүүлэлт юм. Шинэчилсэн Үндсэн хуулийн дагуу Төрийн дээд удирдах албан тушаалтнууд анх удаа тангараг өргөхөөр болжээ. Ши Жиньпин “Үндсэн хуульд үнэнч байх”-аа тангарагласан БНХАУ-ын анхны Төрийн тэргүүн болсон юм. Үүнээс гадна БНХАУ-ын Парламентын гишүүд Ван Цишанийг дэд Ерөнхийлөгчөөр, Ян Сяодуныг тус улсын Авлигатай тэмцэх байгууллагын даргын албан тушаалд тус тус томилжээ. Түүнчлэн хамгийн анхаарал татаж байсан Төв банкныхаа тэргүүнд И Ганыг нэр дэвшүүлсэн талаар “Wall Street Journal” мэдээллээ. И Ганыг Төв банкны дэд тэргүүнээр олон жил ажилласан туршлагатай, мөн олон улсад харилцаа холбоо сайтай гэдгээр нь онцолж байгаа юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид өнөөдөр албан ёсоор саналаа өгч, БНХАУ-ын Төв банкны шинэ тэргүүнийг албан тушаалд нь баталгаажуулах товтой байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.