TRQ: Татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн


“Turquoise Hill Resources” компани 2009 онд байгуулсан “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтийг гуравдугаар сарын 15-нд хүргүүлсэн байна. Талуудын хооронд маргаан гарвал хэрхэн шийдвэрлэхийг “Оюу Толгой” ХХК-ийн вэб хуудаст байгаа хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт дараах байдлаар тусгажээ. “Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт” шийдвэрлэнэ. Эсвэл “Тохиролцсон хугацааны дотор талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 14.2-т заасны дагуу арбитрын зарчмаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Мөн арбитрын ажиллагааг Лондоны Олон улсын арбитрын шүүх дээр явуулах тухай тусгасан байна. Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-ийн 2013-2015 онд төлсөн татвар, төлбөр хураамжид аудит хийсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 16-нд тус компанид 155 сая ам.долларын татварын торгууль ногдуулжээ.

“Оюу Толгой” компанийн хувьд төлөгдөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрсөн, төлбөрөө 2018 оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсан болохыг “Turquoise Hill Resources” мэдээлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төлөх шаардлагатай бүхий л төлбөр, хураамж, татвараа бүрэн төлж барагдуулсан гэсэн хатуу байр суурьтай байгаагаа “Turquoise Hill Resources” компани санхүүгийн тайландаа дурдсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.