Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмлээ


Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмж, 1.75 хувьд хүргэлээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. АНУ-ын эдийн засаг цаашид үргэлжлэн өсөж, хөрөнгийн зах зээл өндөр өсөлтөө хадгална гэж тус улсын Төв банкны удирдлагууд таамагласан байна. Үүнтэй холбоотойгоор энэ онд дахин хоёр удаа бодлогын хүүг нэмэхээр тооцоолсон талаар мэдэгджээ. Үүнээс гадна АНУ-ын Төв банк ирэх хоёр жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамгаа нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, энэ онд АНУ-ын эдийн засаг 2.7 хувиар, ирэх онд 2.4 хувиар өснө гэж таамаглажээ. “Төсвийн бодлого тогтворжиж, татварын шинэчлэл хийсэн зэрэг нь эдийн засгийн төлөвт эерэгээр нөлөөлж байна. Ажлын байрны тоо өсөлтөө хадгалах нь орлого болон бизнесийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй” гэж Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Жером Пауэлл онцлов. Түүнчлэн тэрбээр “Сүүлийн гурван сарын хугацаанд шинээр ажилд орсон хүмүүсийн тоо сард дунджаар 240 мянгаар өслөө. Мөн ажилгүйдлийн түвшин хоёрдугаар сард 4.1 хувьд хадгалагдаж, эдийн засаг дахь ажиллах хүчний оролцоо өсөн нэмэгдсэн. Тийм учраас хөдөлмөрийн зах зээл цаашид өсөлттэй байна гэж бид таамаглаж байна. Инфляц энэ онд 1.9 хувьд хүрч, зорилтот түвшинд дөхнө гэж бид тооцоолж байна. Үүгээр ч зогсохгүй ирэх онд хоёр хувьд, 2020 онд 2.1 хувьд хүрэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч бидний өмнө эрсдэл тулгарч байгаа. Хэрвээ бид бодлогын хүүг яаран өсгөвөл, инфляц Төв банкны зорилтот хоёр хувьд хүрэхэд хүндрэлтэй. Энэ нь эсрэгээр бидэнд дарамт учруулна. Тиймээс бид тохиромжтой цаг үеийг хүлээж, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдах боломжтой” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia 


March 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.